МОУШН МОНГОЛИА - 2025: Үндэсний найрал хөгжим орчин үеийн бүжгийн төгс хослол
4 дэх удаагийн Motion Mongolia орчин үеийн бүжгийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь бүжгийн урлагт хайртай олон үзэгчдийг уран бүтээлчдийн сэтгэл зүтгэл, ур чадварын гайхамшигт ертөнц рүү хөтөлсөн юм.
Үзэгчид болон энэ жилийн наадамд оролцсон бүжиг дэглээчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Үзэгч Э.Энх-Эрдэнэ:
Энэ удаагийн тоглолтыг үзэхэд үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Монголд орчин үеийн бүжгийг онцолж, энэ төрлөөр дагнасан арга хэмжээ бараг байдаггүй учраас маш сонирхолтой санагддаг. Энэ жилийн тоглолт хоёр хэсэгтэй байснаараа онцлог байлаа. Эхний хэсэгт оршихуйн тухай гүн санааг хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь гайхалтай байсан бол хоёр дахь хэсэгт үндэсний найрал хөгжимтэй хоршин найруулга үнэхээр сэтгэлд хүрлээ.
Жүжигчин С.Пүрэвмаа:
Монголын бүжгийн урлагт шинэ хуудас нээгдэж байна. Улаанбаатар театрын бүжигчдийн урилгаар үзлээ, сэтгэл маш өндөр байна. Тоглолтын хөгжим амьд мэт мэдрэгдэж, бүжиг нь маш гүн агуулгатай, чөлөөтэй сэтгэхүйг илэрхийлж байлаа. Оршихуйгаа ойлгож, байгальтайгаа зохицон амьдрах цаг үе ирсэн гэдгийг үнэхээр утга төгөлдөр байв.
“Ноён уул эрдэнэ” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаяр (World Wine):
Энэ наадам жил бүр онцлогтой болдог. Харин энэ удаа Герман улсын нэр хүндтэй бүжиг дэглээч Фабиан Конн болон Дресден хотод ажиллаж амьдардаг бүжиг дэглээч Б.Одбаяр нарыг наадамдаа урьж, УДБЭТ болон Улаанбаатар театрын бүжигчид болон “Хангарди” үндэсний хөгжмийн найралтай хамтран бүтээл туурвисан явдал онцлогтой байлаа. Би Дресденд 8 жил амьдарсан болохоор энэ жилийн наадам миний хувьд илүү дотно, онцгой санагдсан. Бүжгийн урлагийг бүтээх нь амаргүй ажил ч үзэгчдэд хүрсэнд баяртай байна.
Бүжиг дэглээч Б.Одбаяр:
Наадам маань амжилттай болж өндөрлөлөө. Бүжиг дэглэхдээ найруулгын уран шийдэл оруулж өгсөн нь үзэгчдэд хүрч чадсан гэж бодож байна. Тэдний сэтгэгдэл өндөр байгаад баяртай байна.
Герман улсын бүжиг дэглээч Фабиан Конн:
Сэтгэл маш өндөр байна. УДБЭТ-ын балетын жүжигчидтэй хамт долоо хоногийн турш 30 минутын үзүүлбэр бэлдсэн. Өнгөрсөн жилийн наадамд ч мөн оролцож, мастеркласс зааж байсан. Энэ жилийн хувьд хоёр өдөр үргэлжилсэн тоглолтод бүрэн төвлөрч ажилласан нь миний хувьд шинэ сорилт болсон. Гэхдээ Монголын бүжигчид их нээлттэй, сурах хүсэлтэй, маш хурдан суралцдаг нь ажиллахад тун таатай байсныг онцолж хэлмээр байна.
Дараа жилийн наадмаар дахин уулзацгаая!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.