Цаг үеийн хит уран бүтээлүүд пянзанд мөнхөрдөг
Пянзны соёлыг дэмжих, хөгжим сонирхогчдыг нэгтгэх "Пянзны өдөрлөг" олон орны хотуудад уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ нь зөвхөн пянз сонирхогчдын өдөрлөг төдийгүй хуучны хөг аялгууг эргэн мэдрэх, цуглуулагчидтай туршлагаа хуваалцах, уран бүтээлчидтэй биечлэн уулзах онцгой боломж юм.
Энэ жил дөрөв дэх жилдээ "Vinyl Music" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй пянзны дэлгүүрүүд болон хөгжмийн дэлгүүрүүд, цуглуулагчид энд цугларсан байв.
Пянз гэдэг бол зөвхөн дуу хөгжим биш, турхайн цаг үеийн уур амьсгал, урлагийн үнэт түүхийн бүтээл юм.
“World Record’s Day гэж дэлхий даяар жил бүр зохион байгуулагддаг баяр бий. Энэ бол пянз сонирхогчдын баяр. Хавар болон намар жилд хоёр удаа болдог. Манай Улаанбаатарт ч бас пянз зардаг дэлгүүрүүд хэрэглэгчидтэйгээ уулзаж, хобби нэгтнүүд цуглардаг сайхан өдөр болж хувирсан. Уран бүтээлчид өөрсдөө ирж, гарын үсэгтэй пянзаа зарах, дэлгүүрүүд хямдрал үзүүлэх зэрэг олон давуу талтай учраас пянз сонирхогчдын хувьд онцгой баяр болдог. Хэдхэн хоногийн өмнө УДБЭТ дээр “Уран хас” дуурийн шинэ тавилт нээлтээ хийх үеэр нэг сайхан үйл явдал болсон. 1981 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Чулуун гуайн шилдэг бүтээлийн пянз гарч байсан. Тэр пянзны зөвхөн нэг талд нь “Уран хас” дуурь байдаг юм. Харин сая гарсан шинэ цомог нь хоёр хос пянз байсан. Мөн Баянмонгол чуулгын 55 жилийн ойд зориулан монгол, германы уран бүтээлчдийн хамтран гаргасан цагаан пянз зэргийг сүүлд цуглуулгадаа нэмсэн. Энэ баярын үеэр хүмүүсийн сэтгэл маш их хөдөлсөн нь анзаарагдаж байсан. Пянзны соёл нэг хэсэг тасарчихсан нь дижитал хөгжмийн хөгжлөөс болсон. Гэхдээ одоо залуучууд пянзанд их дуртай болж, сонирхогчдын хүрээ нэмэгдэж байгаа нь манай коммьюнити буюу сонирхогчдын нөлөө ч байсан болов уу гэж боддог. Мөн пянзтай хамт соронзон хальс буюу кассет ч дахин эрэлттэй болж байгаа. Би өөрөө 10 настайгаасаа эхлэн хөгжимд дурласан. Зураач хүн ч гэсэн хөгжим миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн шүү.”
“Бид жил бүр хавар, намрын улиралд пянзны баяраа тогтмол зохион байгуулж ирсэн. Үүгээрээ пянзны эргэн тойрон дахь соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Жил ирэх тусам хүрээ нь өргөжиж, илүү олон хүн сонирхох болсон нь бидэнд урам өгдөг. Яг л загасчид загас барих тухай ярьдаг шиг, пянзчид ч энэ баяраар цугларч, пянзны тухай, дэлхийд ямар шинэ цомог гарч байгаа, ховор пянз хаана байна зэрэг мэдээллээ солилцдог. Ховор пянзнуудаа хоорондоо солилцох нь ч элбэг. Миний хувьд 90-ээд оны “New Kids on the Block” зэрэг хуучны классик дуу хөгжим их сонсдог. Монголын сонгодог хөгжмийн цомгууд пянз хэлбэрээр дахин гарч байгаа нь манай соёлыг дэлхийд сурталчлах нэг том алхам гэж боддог. Пянз сонирхож эхэлж байгаа хүмүүст хамгийн түрүүнд зөвлөх зүйл бол чанартай, үзэмжтэй пянз тоглуулагчтай болох. Гэрийн интерьерийг чимэхээс гадна хөгжим сонсох хамгийн чанартай, цэвэр арга бол пянз. Машиндаа дуу сонсох эсвэл YouTube-ээс үзэх гэдэг бол нэг хэрэг, харин пянз бол үнэхээр өөр мэдрэмж өгдөг.”
“Өмнө жил бид хамтлагаараа энэ баярт оролцож байсан. Энэ жил ч бас сонирхоод ирлээ. Ер нь жил болгон ирдэг, ховор нандин пянзнуудыг олох боломжтой байдаг. Саяхан Royal Heartaches хамтлагийн шинэ пянзыг авлаа. Европ, Америкт пянз бол хэзээ ч хуучирдаггүй хэвээрээ байна. Хөгжим сонсох өөр форматууд байгаа ч пянз бол яалт ч үгүй өөр мэдрэмж өгдөг. Өөрийнх нь шуум, дугаралт нь их гоё. Нэг пянз сонсчихоор шууд л дурлачихдаг юм билээ. Би саяхнаас л пянз цуглуулж эхэлсэн. The Lemons хамтлагийн хувьд CD, пянз, кассет гээд бүх форматаар цомгуудаа гаргаж байсан. Одоо дараагийн цомог маань ч мөн пянз хэлбэрээр гарахаар төлөвлөж байгаа.”
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.