СУРВАЛЖИЛГА: "Өв" гэрэл зургийн төсөл
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас "ӨВ" төслийн хүрээнд гэрэл зурагчин Ц.Батзориг, Л.Элбэгзаяа нарын өмнө нь дэлгэгдэж байгаагүй хальсны гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Гамма агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа болон гэрэл зурагчин, Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн захирал Д.Давааням нартай ярилцсанаа хүргэж байна.
Гамма агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа
Сүүлийн үед гэрэл зургийн бүтээлүүдтэй холбоотой харамсалтай түүхүүд олон сонсогдох болсон. Тухайлбал, "Нэгэн гэрэл зурагчин нас барахад гэр бүлийнхэн нь лам дууджээ. Гэтэл тэр лам нь “...Энэ зургууд дээр нас барсан хүн байна" хэмээн мухар сүсэгт автаж, бүтээлүүдийг нь гаргаж хая" гэж л дээ. Энэ мэтээр ховор нандин, чухал баримтат гэрэл зургууд устаж үгүй болж байгаад сэтгэл зовж байна. Тиймээс “Өв” төслийг цаашид өргөжүүлж, Монголд гэрэл зураг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан улам олон зурагчдын бүтээлийг цуглуулан таниулж, хойч үед өвлүүлэх зорилготой.
Л.Элбэгзаяа
Хальсны гэрэл зураг бол дижиталаас тэс өөр ертөнц. Аппаратанд байгаа 36 кадрыг зүгээр нэг хий дэмий үрье гэж хэн ч бодохгүй шүү дээ. Хальс бүр үнэтэй. Тиймээс нэг кадрыг ч няхуур бодож байж дардаг. Сүүлийн үед залуус хальсны зурагт дурлаж сонирхох болсон нь сайшаалтай ч зөвхөн сонирхоод өнгөрөх биш, үнэ цэнийг нь жинхэнэ утгаараа ойлгоосой гэж хүсдэг. Би анхнаасаа л хальсанд дурлаж, хальсаар гэрэл зурагт суралцсан. Дижитал камер бол дарсан зургаа тэр дор нь харах боломжтой, хэт амархан, "амтгүй" санагддаг. Гамма агентлаг бүрэлдэн бий болж байх үед бид дөрвүүлээ л байлаа Дижитал гэрэл зураг дөнгөж гарч ирж байсан үе. Бид хэд ирээдүйд энэ дижитал гэж юу л болох бол гэж ярилцдаг байв. Манай Батзориг зөвхөн хальсаар л авдаг, дижиталыг тун таашаадаггүй нэгэн байлаа. “Удалгүй дижитал унтарна, хөгжихгүй” гэж хүртэл хэлдэг байв. Би ч бас тухайн үедээ тийм л бодолтой байсан. Дижиталыг зөвхөн сониныхонд л хэрэгтэй юм байна гэж боддог байв. Гэхдээ аль ч талд сайн, муу хоёр тал бий. Дижитал зураг авах нь амархан, тэгэхээр олон хүн сонирхох нь сайхан. Харин үүнийгээ дагаад өнгөц, үнэ цэнгүй хандлага ч нэмэгдэж байна.
Хальсаар гэрэл зураг авах, хальсаа боловсруулах, дотор нь буй зургийг гаргаж авах гэдэг бол зүгээр нэг товч дарахтай адилгүй, их хөдөлмөр, тэвчээр шаарддаг ажил. Үүнийг мэдэрсэн хүн л жинхэнэ утгаар нь хальсыг ойлгож, хайрладаг.
Л.Элбэгзаяа
Мөн гэрэл зураг худалдах соёл Монголд бараг байсангүй. Ер нь сонин, сэтгүүлд ашиглуулахдаа л зарна гэдэг ойлголттой байлаа. Харин саяхнаас л баримтат гэрэл зургийн салбарт хязгаарлагдмал тоогоор хэвлэгдсэн бүтээлүүдийг худалдах соёл бүрэлдэж эхэлж байна. Хүмүүс уран зураг худалдан авч гэрээ тохижуулдаг шиг яагаад гэрэл зураг авч болохгүй гэж. Одоо л хүмүүс гэрэл зургийг урлаг, үнэт зүйл гэж харж эхэллээ. Энэ өөрчлөлт нь манай улсад гэрэл зургийн зах зээл өсөж, хөгжиж буйг илтгэж байна.
Гэрэл зурагчин, "Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан"-ийн захирал Д.Давааням
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан 2013 оноос хойш жил бүр үзэсгэлэн гаргасаар ирсэн. 2020 он хүртэл “Шинэ бүтээл – Хүмүүс” цуврал гэрэл зургийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд төсөлт ажлууд, тэтгэлэгт хөтөлбөрүүд, залуу гэрэл зурагчдыг дэмжих санаачилга, мөн “Гудам” клуб зэрэг урт хугацааны хөгжлийн чиглэлд илүүтэйгээр анхаарч ажиллаж байна.
Д.Давааням
Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн бүх гэрэл зургуудын хальсыг шинээр боловсруулсан. Эдгээр нь Ц.Батзориг агсан болон гэрэл зурагчин Л.Элбэгзаяа нарын 1990-ээд онд авсан бүтээлүүд бөгөөд хальс нь санд хадгалагдсаар ирсэн. Жишээлбэл, дизайнер Н.Соёлмаагийн зургийг гэрэл зурагчин Л.Элбэгзаяа авсан гэдгээ санаж байсан ч яг ямар зураг байсан нь санаанаас гарсан байв. Тиймээс хальсыг шинээр боловсруулж, гэрэл зурагчин өөрөө ч анх удаа зурагтайгаа уулзаж байгаа нь хальсны гэрэл зургийн мөн чанар, энэ үзэсгэлэнгийн онцлог.
Төслийн тухайд, 10 гаруй жилийн турш бодож төлөвлөсний эцэст хэрэгжиж эхэлж байна. Гэрэл зурагчин нь энэ дэлхийгээс явсан ч бүтээл нь соёлын өв болон үүрд үлддэг. Тэгвэл энэ өвийг хадгалж хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, дахин амь оруулах нь бидний үүрэг. Төслийн нэр болох “Өв”-ийг залуу гэрэл зурагчин, “Noise Art Media”-ийн үүсгэн байгуулагч Б.Ирээдүй өгсөн.
Төслийн хүрээнд архивт хадгалагдаж буй асар их хэмжээний хальсийг сканнердаж, боловсруулан, үзэгдэж харагдаагүй, дарагдаж мартагдсан, ховор нандин агшнуудыг ил гарган олон нийтэд хүртээж, хальсны гэрэл зургийн онцлог, мөн чанарыг таниулах, үзэсгэлэн гаргах, хязгаарлагдмал хэвлэлээр худалдаалах, мөн цуврал гэрэл зургийн ном бүтээхээр зорьж байна. Тиймээс тодорхой хугацаанд дуусах богино хугацааны ажил биш, харин олон жил үргэлжлэх урт хугацааны төсөл гэж хэлж болно.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр сонирхолтой үйл явдал тохиосон нь Цэвэгмид овогтой Батзориг гэх яг адилхан нэртэй гэрэл зураг сонирхогч, цуглуулагч ирж, үзэсгэлэнд тавигдсан зургуудыг анхны хэвлэлээр нь үнэ тохирон худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үзэсгэлэн бол кинотой зүйрлэвэл “трейлер” буюу амттай эхлэл нь гэж төслийг санаачлагч Д.Давааням онцоллоо. Цаашид үзэгч, сонирхогчдын хүртээл болох олон сонирхолтой үйл ажиллагаа хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэн 4-р сарын 30-ыг хүртэл Улаан Гэр галерейд толилуулагдана.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.