Booooooom Photo Awards 2024 оны шилдгүүдээ тодрууллаа
Урлаг, медиа, гэрэл зургийн платформ Booooooom нь "Format" хэмээх портфолио вебсайт бүтээгч компанийн дэмжлэгтэйгээр оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааныг гурав дах жилдээ “Хөрөг”, “Гудамж”, “Өнгө”, “Байгаль”, “Фэйшн” гэх 5 сэдвийн хүрээнд зохион байгуулж, шилдэг бүтээлийг тодрууллаа.
"Хөрөг" сэдвийн ялагч Алекс Бекс нь Берлинд амьдардаг Франц-Техас гаралтай гэрэл зурагчин юм. Тэрээр нийгмийн бүтэц байдал, эр хүний шинж чанарт онцгойлон төвлөрч, өөрийн санааг гэрэл зургаар дамжуулан хүүрнэн өгүүлэх замаар уран бүтээлээ туурвидаг нэгэн юм.
“Өнгө” ангиллын ялагч Меган Ийглс нь Лондонд амьдардаг гэрэл зурагчин юм. Тэрээр байгалийн гэрэлд хальсны зураг авч, бие даан суралцсан нэгэн ба өөрийн хэв маягийг “хүмүүсийн түүхийг баримтат гэрэл зургаар дамжуулан хүүрнэх” гэж тодорхойлдог аж.
“Фэйшн” ангиллын ялагч Асафе Галиб нь 2013 оноос хойш Лондонд амьдарч ажиллаж буй Рио Де Жанейрогийн захын дүүрэг болох Нилополисоос гаралтай күийр ("queer" буюу ЛГБТ+ бүлэг) уран бүтээлч, гэрэл зурагчин юм. Тэрээр гэрэл зургийг хөндөгдөөгүй асуудал, түүхийг өгүүлэх боломж гэж үздэг бөгөөд гэрэл зургаар дамжуулан нийгэмтэй харилцах харилцаа, өөрийн арга барил, дүр төрхөө олсоор иржээ.
Байгалийн гэрэл зургийн төрлийн ялагч Грант Хардер нь Ванкуверт амьдардаг гэрэл зурагчин ба хүмүүс ч бай, байгаль ч бай хамгийн үнэнээр нь тухайн байдлыг харуулахыг зорьдог байна. Түүний байгалийг хайрлах хандлага бүтээлүүдээс нь ил тод мэдрэгдэнэ.
Харин "Гудамж" төрлийн ялагч Эрнесто Кабрал де Луна бол Торонтод суурьшилтай Мексик гэрэл зурагчин юм. Цагаач гэр бүлээс гаралтай тэрээр хувь хүний өвөр төрх, нийгмийн байр суурь болоод дурсамж, хүн нийгмийн эмх замбараагүй байдал, нэгээс нөгөөд шилжих хөдөлгөөний хоорондох харилцан холбоо зэргийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг аж.
Уг тэмцээнд оролцсон бусад гэрэл зургийн бүтээлүүд
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.