Steppe to step: “Тал нутгаас тавхайн чинээ” — гэрэл зурагчин Н.Сонинбаярын анхны бие даасан үзэсгэлэн

Steppe to step: “Тал нутгаас тавхайн чинээ” — гэрэл зурагчин Н.Сонинбаярын анхны бие даасан үзэсгэлэн

Үзэсгэлэнгийн уур амьсгал бүхэлдээ нам гүм. Үзэгч бүр ямар нэгэн бодолдоо автан гэрэл зургийг анхааралтай ажих аж. Энэ удаад бидний зорьж очсон үзэсгэлэн Гэрэл зурагчин Н.Сонинбаярын бүтээлүүдээс бүрдсэн байв. Он цаг, дурсамж, эгэл бөгөөд яруу үйл явдлыг илтгэх тус гэрэл зургийн эзэнтэй үзэсгэлэнгийн үеэр ярилцсанаа дэлгэе.

Нийтэлсэн
4 сарын 24, 2025
Хуваалцах

Үзэсгэлэнгээ хийх санаа хэзээнээс төрсөн бэ?
Санаа нь яг нэг жилийн өмнөөс бий болсон. Тэгээд яг жилийн дараа гэхэд хавар урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн Монголын уран зургийн галерейтай хамтран үзэсгэлэнгээ нээж байгаадаа баяртай байна.

 Гэрэл зурагтай хэрхэн холбогдсон бэ?
Би 2019 оноос зураг авч эхэлсэн. Тухайн үед залуус ихэнхдээ Инстаграмд зориулж зураг авдаг байсан. Би ч мөн адил утсаараа зураг дарж эхэлсэн. Харин дараа нь гэрэл зургийг илүү гүнзгий, өөрөө удирдаж сурахыг хүсээд, хальсны камер худалдаж авсан нь Pentax K1000 загварын камер байв. Хальсны зургийг дарчихаад шууд харж болдоггүй, дараа нь өөрөө хальсаа боловсруулж байж сая нэг үздэг. Хальсаа харахад яг л тэр мөчид тэндээ буцаад очсон мэт тод байдаг. Хүлээж догдлох тэр мэдрэмж гэрэл зурагт дурлуулсан.

Одоо ямар мэдрэмж төрж байна вэ?
Үзэсгэлэнгээ нээснээс хойш өдөр бүр сэтгэл хөдөлж сандралтай, баяр баясгалантай гээд янз бүрийн мэдрэмж төрж байна. Үзэсгэлэнг ирж үзэж буй хүн бүр тайвширч, өөрийнхөөрөө байх мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудаас хамгийн дурсгалтай, дуртай зураг аль нь вэ?
Надад хамгийн дотно санагддаг зураг бол Greenzone-ийн гадаа нүдээ аниад сууж буй эмэгтэйн зураг. Тэр мөч үнэхээр дурсамжтай. Мөн энэ үзэсгэлэнд ганцхан өнгөт зураг бий. Нар жаргаж байх үеийн зураг. Тэр зураг ч надад бас их үнэ цэнтэй. Энэ хоёр зураг миний дотоод мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадсан мэт санагддаг.

"Тал нутгаас тавхайн чимээ" хэмээх агуулгын тухай дэлгэрүүлбэл?
Үзэсгэлэнгээ хоёр хэсэгт хувааж дэглэсэн. Эхний хэсэгт зураг авч эхэлснээс хойших туршилтууд, янз бүрийн мэдрэмжүүдийг илэрхийлэх гэрэл зургууд бий. Харин том заал болон видео ажил “Тал нутгаас тавхайн чинээ” гэдэг үзэсгэлэнгийн нэртэй илүү уялдсан бүтээлүүд багтсан. Гэрэл зургийн редактор Мөнхжаргал ах зураг сонголтод маань оролцож, зөвлөсөн. Эхэндээ 300 орчим зураг сонгосон байсан ч тэдгээрээс шүүж байгаад одоогийн дэглэлт хийсэн.

Цаашдын зорилго, төлөвлөгөө?
Зөвхөн энэ үзэсгэлэнгээр зогсохгүй, дурсамж, мэдрэмжээр баялаг гэрэл зургийн бүтээлүүдийг гаргахыг зорьж байна. 

“Тал нутгаас тавхайн чинээ” гэрэл зурагчин Нямхишигийн Сонинбаярын анхны бие даасан үзэсгэлэн 4-р сарын 30-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байна.

'​⁠Deep Sea Vincents' хамтлагийн Ари, Депон, 'Blindfold' хамтлагийн ​⁠ @gunstanczyk нарын гурвал үзэсгэлэн дээр ирж уран бүтээлээ хүргэсэн бичлэгийг эндээс үзээрэй. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.