EP.07 - Бодсоноо л хий
Гудамжны гэрэл зурагт дүрэм бий юу? Зургийн дүртэйгээ харилцаа үүсгэх хэрэгтэй юу эсвэл нууцаар л дараад байх уу? Энэ дугаараас хариултыг нь олж мэдээрэй.
13. БОДСОНОО Л ХИЙ
“Хүмүүсийн ил гаргадаггүй тэр төрхийг олж нээ."
- Уильям Клейн
Гудамжны гэрэл зурагт кандид бус, тавилттай зураг авахыг ерөнхийдөө зүй бус гэж үздэг. Олон ч зурагчид Анри Картье-Брессоны "гудамжны гэрэл зурагчин дүрүүдтэйгээ харьцах ёсгүй, хараат бус ажиглагч байх ёстой" хэмээх дүрмийг дагадаг. Гэхдээ гудамжны гэрэл зурагт үүнээс олон дүрэм бий. Дүрүүдтэйгээ байнгын харилцаа үүсгэдэг гудамжны гэрэл зурагчин бол Уильям Клейн юм. Гэрэл зургийн бүх "дүрэм"-д дунд хуруугаа өгсөн анхны гудамжны гэрэл зурагчин. Клейн зургийн дүрүүдээ өдөөн хатгаж, тэдэнтэй яриа өрнүүлдэг арга барилтай. Тэрээр өөрийн алдарт "Буу барьсан жаал хүү" гэрэл зургаа авахдаа "Над руу ширүүн хараарай" гэж хэлснээр хүү үзэн ядалт, уур хилэн дүүрэн ширүүн харцаар Клейний нүүр рүү тоглоомон буугаа чиглүүлж, уг зураг бүтжээ.
“Гудамжны хөрөг” зураг авах тухайд Мартин Парраас авсан нэг сургамж бол тухайн дүрээсээ дуран руу эгц харж, инээмсэглэхгүй байхыг хүсэх явдал. Заримдаа би дүрүүдээ баруун, зүүн, дээш, доош, өөр тийш харах, гараа зөрүүлэх, тамхиа татах зэрэг хийж байснаасаа өөр үйлдэл хийхийг хүсдэг. Хүмүүс үүнийг минь эсэргүүцэж, "Гэхдээ дүрүүдтэйгээ харилцаж, тэднээс ямар нэгэн зүйл хийхийг хүсэх нь гудамжны гэрэл зургийн хуулийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү?" гэж асуудаг. Харин би хариуд нь “Авсан гэрэл зураг бүр маань бидний өөрсдийн хөрөг. Бодит байдлыг хэрхэн шүүхээ, хүрээнд юуг оруулах, юуг хасахаа бид шийддэг. Гэрэл зургаар дамжуулан бодит байдлыг өөрийнхөө өнцгөөс харуулах талаар огтхон ч эргэлзэх хэрэггүй” гэж хэлдэг.
14. "Түрүүхэн хийж байсан үйлдлээ дахиад давтаж болох уу?"
Заримдаа бид гудамжинд хүмүүсийн гаргаж буй үйлдэл, ямар нэг дохио зангаа, нүүрний хувирал зэргийг анзаардаг ч яг тухайн мөчийг буулгаж амжихгүй байх нь олон. Хэрэв та хэзээ нэг өдөр тухайн мөчийг олж хараад буулгаж амжихгүй бол “Та түрүүхэн хийж байсан үйлдлээ дахиад давтах боломжтой юу” гээд асуугаад үзээрэй. Тухайлбал, би Лос Анжелес хотын төв гудамжинд доорх зургийн дүрийг нусаа нийж байхыг анзаарсан юм. Түүний нүд, өмссөн хувцас, ерөнхий дүр нь миний сонирхлыг ихэд татлаа. Урд нь очоод зогсох үед бид хоёр харц тулгарлаа. Тэгээд би “Уучлаарай эрхэм ээ, би таны хувцаслалт, дүр төрх надад их таалагдаж байна. Та надад туслаад дахиад нусаа нийж чадах уу? гэтэл тэр инээмсэглэн дахин нусаа нийлээ. Хачин сонсогдож магадгүй ч ингээд асуувал ихэнх хүмүүс зөвшөөрөх хандлагатай байх болно.
Хүмүүс рүү ойртож, зөвшөөрөлгүй зургийг нь авахаас айдаг бол гудамжны гэрэл зурагт туршиж болох өөр нэгэн арга нь тэдэнд ойртож очоод "Намайг энд байхгүй юм шиг дүр эсгээрэй" гэж хэлэх юм. Дэлгүүрийн үүдэнд дажгүй царайлаг залуу тамхи татаж байхыг харвал түүн рүү дөхөж очоод “Уучлаарай, тамхи татаж байгаа чинь муухай харагдаж байна гэж битгий бодоорой. Намайг энд байхгүй гэж төсөөлөөд тамхиа татаад зогсож болох уу?" гэж асуу. Ихэнх хүмүүс инээж, таныг тоохгүй. Ингэснээр хүмүүсийг уурлуулахгүйгээр зураг авахад дөхөм болно. Заримдаа зургийг нь авах гэж буй дүр чинь тамхиа үргэлжлүүлэн татсаар инээмсэглэж эхэлнэ. Ийм нөхцөлд тэвчээртэй хүлээгээд юу ч битгий ярь. Таныг тоохгүй болох хүртэл 30 секунд хүлээ.
Үүнтэй холбоотой бас нэгэн зөвлөгөө өгье. Заримдаа тухайн хүнтэйгээ яриа өдөж, ойрд амьдрал нь хэр байгааг ч юм уу, өдөр нь ямархуу өнгөрч байгааг асуу. Тэд тантай ярилцах сонирхолтой байвал тэр хооронд нь зургаа авч эхэл. Ингэснээр таны зураг хуурамч харагдах нь бага болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.