"Sony World Photography Awards"-ийн Open ангиллын ялагчид

"Sony World Photography Awards"-ийн Open ангиллын ялагчид

2025 оны Sony World Photography Awards-ийн Open ангилал нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдын авьяас чадварыг нэг дор цуглуулсан онцгой арга хэмжээ боллоо. Энэ жилийн тэмцээнд нийт 206 улс орноос 420,000 гаруй зураг ирсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр оролцоотой жил байв.

Нийтэлсэн
4 сарын 23, 2025
Хуваалцах

 2025 оны Open ангиллын ялагч
Францын гэрэл зурагчин Оливье Уния (Olivier Unia) “Tbourida La Chute” хэмээх Мороккогийн уламжлалт морин спортын агшныг буулгасан бүтээлээрээ “Open Photographer of the Year” шагналыг хүртжээ. Тэрээр "Motion" ангилалд түрүүлсэн бөгөөд $5,000-ын мөнгөн шагнал, Sony-ийн дижитал камерын иж бүрдэл, Лондон дахь үзэсгэлэнд оролцох эрхээр шагнуулсан юм.

Open ангилал нь 2024 онд авсан цуврал бус “дан” гэрэл зургийн бүтээлүүдийг хүлээн авсан бөгөөд оролцогчид дараах 10 ангиллаас сонгон оролцсон.

  • Architecture (Архитектур)
  • Creative (Бүтээлч)
  • Landscape (Байгаль)
  • Lifestyle (Амьдралын хэв маяг)
  • Motion (Хөдөлгөөн)
  • Natural World & Wildlife (Байгалийн ертөнц ба зэрлэг амьтад)
  • Object (Объект)
  • Portraiture (Хөрөг)
  • Street Photography (Гудамжны гэрэл зураг)
  • Travel (Аялал) 

Ангилал тус бүрт 15 хүртэлх зурагчид шортлистэд багтаж, нэг ялагч тодорсон. Тэмцээнд оролцох нь үнэ төлбөргүй бөгөөд нэг оролцогч 3 хүртэлх зураг илгээх боломжтой байв. Төрөл тус бүрийн шагналт бүтээлүүдийг тайлбарбн хамт хүргэж байна.

Архитектур

Гэрэл зурагчин: Шүэчэн Лю (Хятад) - Нью-Йорк хотын алдарт Таймс Скүэрийн төвийг өргөн дурангаар өндрөөс буулган хотын ойр орчмыг тод томруун харуулжээ.

Бүтээлч

Гэрэл зурагчин: Жонел Франциско (Филиппин) - "Kem the Unstoppable" хэмээх энэхүү бүтээл нь сэргэн мандалтын үеийн хөрөг зургийн уламжлалыг хадгалан коллаж (collage) үүсгэжээ. 

Байгаль

Гэрэл зурагчин: Нг Гуан Же (Сингапур) - Лижиан мужийн Вэнхайд буулгасан энэхүү бүтээл нь нуга хөндийд эгцлэн мушгирах голын мэлмэрсэн урсгал холын цэнхэрт уусан одох нь үзэгдэх орчлонг үггүйгээр өгүүлсэн нэгэн ид шидийн хар цагаан зураг аж.

Амьдралын хэв маяг

Гэрэл зурагчин: Хажимэ Хирано (Япон) - 1950-аад оны сүүлчээр эдийн засгийн хурдацтай өсөлтийн дараа Японы хамгийн том электроникийн хот гэгдэж байсан Акихабарагийн гудамжинд электрон эд анги зарж буй худалдаачин.

Хөдөлгөөн

Гэрэл зурагчин: Оливье Уния (Франц) - “Tbourida La Chute” хэмээх бүтээл нь Мороккогийн уламжлалт морин үзүүлбэр болох "тбоурида"-ийн үеэр унаач мориноосоо унаж буй сэтгэл хөдөлгөм, торгон агшныг гайхалтайгаар буулгасан зураг юм.

Байгалийн ертөнц ба зэрлэг амьтад

Гэрэл зурагчин: Эстебанэ Резкаллах (Франц) - Грийнландын зүүн хэсэгт 68 цагаан баавгай нэгэн зэрэг халимын сэг зэм дээр цугларч, хооллож буй ховор агшин. Энэ үзэгдэл нь цагаан баавгайн хувьд маш ховор тохиолдол бөгөөд тэд ихэвчлэн ганцаараа амьдарч, ан хийдэг амьтад юм.

Объект

Гэрэл зурагчин: Сүзи Чарлотт Алминдэ (Денмарк) - “Тэнгэрт хөвөх наймаалжнууд” Гар аргаар хийсэн нарийн хийцтэй цаасан шувууг дэлхийн хамгийн том цаасан шувууны наадмуудын нэг болох "Fanø" олон улсын цаасан шувуучдын наадамд танилцуулж буй нь.

Хөрөг

Гэрэл зурагчин: Yеинце Бутамба (Габон, Африк) - Унтлагын өрөөн дэх дотно уур амьсгалыг мэдрүүлэх хосын хөрөг зураг. Гэрэл зурагчин уг агшныг мөнхөлж үлдээхийг хүсжээ.

Гудамж

Гэрэл зурагчин: Хайризал Марис (Индонез) - Хөлбөмбөгийн клубын ялалтыг тэмдэглэж буй нь. Баруун Ява мужийн Бандунг хотод орон нутгийн хөлбөмбөгийн клубын ялалтад баярласан хөгжөөн дэмжигчид галын дөлийг асаан баяраа тэмдэглэж буй баясгалант мөчийг харуулжээ.

Аялал

Гэрэл зурагчин: Матяж Шимич (Словени) - Нутгийн тод өнгөөр будсан барилгын урд Боливийн уугуул соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг Ла-Пас хотын бөөгийн бүлэг хуралдаж буй нь.

Үзэсгэлэнгийн тухай

Шагналт бүтээлүүдийн нэгдсэн үзэсгэлэн 2025 оны 4-р сарын 17-ноос 5-р сарын 5-ны хооронд Лондон хотын Somerset House-д зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд 60 гаруй гэрэл зурагчны 300 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд гэрэл зургийн урлагт дуртай хүн бүрт нээлттэй. 

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон ирэх жилийн тэмцээнд оролцохыг хүсвэл worldphoto.org вэбсайтаар зочлоорой.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.