“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам эхэллээ
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018, 2020, 2024 онуудад амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд 2025 оны 4-р сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.
Наадмын хүрээнд И.Ф. Стравинскийн “Ариун хавар” балетыг бүжиг дэглээч Б.Одбаяр Улаанбаатар театрын бүжигчидтэй хамтран орчин үеийн хэлбэрээр тайзнаа дэглэж, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, удирдаач Б.Эрхэмбаярын удирдлага дор тоглогдож байгаа бол ХБНГУ-ын бүжиг дэглээч Фабиан Конн “Тойрог зам” орчин үеийн бүжгийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын уран бүтээлчидтэй хамтран дэглэж байна. Эдгээр бүтээлүүд нь УДБЭТ болон Улаанбаатар театрын урын санд хадгалагдаж, Монголын орчин үеийн бүжгийн түүхэнд шинэ хуудсыг нээж буйгаараа онцлог төдийгүй үзэгч та бүхэнд 2025 оны 4-р сарын 19, 20-ны өдрүүдэд 17:00 цагаас “ТОЙРОГ” орчин үеийн бүжгийн тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа хүргэх гэж байна.
Энэ удаагийн наадмын хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Нийслэлийн Улаанбаатар Театр ажиллаж, Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Монгол дахь Гёте Институт, Ноён Уул Эрдэнэ ХХК, Төгөлдөр Сан, Монголын Балетын Хөтөлбөр болон Нийслэлийн Соёл урлагийн газар болон BCI хэвлэлийн компани нар дэмжин оролцож байна. Ингээд та бүхэнд наадмын бэлтгэлийн үеэр тоглолтын нэг хэсэг болох "Ариун хавар" орчин үеийн бүжгийн дэглээч, хөгжмийн удирдаач нартай ярилцасанаа хүргэж байна.
Бүжиг дэглээч Б.Одбаяр
Бүжиг дэглээч Батсуурийн Одбаяр нь Германы Дресден хотод ажиллаж амьдардаг бөгөөд Монгол Улсын Консерваторыг төгссөн. Тэрээр 14 жил ажиллах хугацаандаа балет, ардын бүжиг, орчин үеийн бүжгээр хичээллэж, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Түмэн Эх чуулга, Чикагогийн Хуббард Стрийт Данс, Хэдвиг Данс компанитай хамтран ажиллаж байсан туршлагатай.
Миний хувьд хамгийн анхны “Моушн Монголиа” наадамд оролцож байсан. Энэ удаад хоёр дахь удаагаа бүжиг дэглээчээр оролцож байна. Наадамд оролцоно гэдэг шинэ санаа, шинэ мэдрэмжээр өөрийгөө болон орчноо таниж мэдэх гайхамшигтай аялал. Энэ жил наадмын хүрээнд И.Ф. Стравинскийн “Ариун хавар” балетыг орчин үеийн бүжгийн хэлбэрт буулгаж дэглэн тавих санал ирсэнд маш их баяртайгаар хүлээж авсан. Энэхүү балет нь байгалийн гамшигт өртсөн нэгэн бүлэг хүмүүс дундаас шашны номлогчийн удирдлагаар насанд хүрээгүй охиныг сонгон, байгальд тахилга өргөдөг тухай өгүүлдэг. Үүнийг орчин үеийн тайзны хэлбэрт буулгахдаа өнөөгийн нийгэм, улс төрийн байдал, удирдагчид болон энгийн иргэдийн хоорондын харилцааг тусгасан.
Хүний амийг золиослох тухай санаа нь шууд утгаараа бус, цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засгийн боломж зэрэг бидний амьдралын үнэт зүйлсийг хэрхэн золиосолж байгааг харуулахыг зорьж байна. Орчин үеийн бүжгийн онцлог нь дараалсан үйл явдалтай бус, харин өөр өөр санааг үйлдлээр илэрхийлэх хэлбэрт тулгуурладаг. Үзэгч бүр өөрийн өнцгөөс харж ойлгож, өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой.
Бүтээл нийт гурван хэсгээс бүрдэх бөгөөд нийт 35 минут үргэлжилнэ. Эхний хэсэгт өнөөгийн нийгмийн уур амьсгалыг харуулж, дараагийн хэсэгт бид удирдагчдаа хэрхэн сонгож, тэдгээрийн өгсөн амлалтад яаж итгэдэг, улмаар бидний хүсэл сонирхолтой зөрчилдөх хууль дүрмүүдийг тэд хэрхэн тогтоох талаар өгүүлнэ.
Манай бүжигчид өмнөх гурван наадамд сургалтад хамрагдаж байсан туршлагатай, орчин үеийн бүжгээр уран бүтээл туурвих сонирхолтой уран бүтээлчид. Ардын бүжигсуурьтай, өөрсдийн гэсэн техникийн онцлогтой монгол бүжигчид маань энэ бүтээлд оролцож байгаа нь онцлог болж байна.
Улаанбаатар театрын Хангарди үндэсний найрал хөгжмийн удирдаач Б.Эрхэмбаяр
“Хангарди” үндэсний найрал хөгжим маань энэхүү наадамд анх удаа оролцож байна. Бэлтгэл ажлыг найрал хөгжмийнбүтээлийн жишгээр, яг л урьдынх шигээ явуулж байгаа. Харин орчин үеийн бүжгийн наадамд оролцож буй нь өөрөө бидний хувьд шинэ, сонирхолтой туршлага болж байна. Хөгжмийн хувьд И.Ф. Стравинскийн “Ариун хавар”-ыг 2015 онд анх үндэсний хөгжимт хувилбарт хөрвүүлэн тоглож байсан. Түүнээс хойш хоёр ч удаа тоглож, энэ жил гурав дахь удаагаа толилуулах гэж байна. Энэхүү бүтээл нь модерн хөгжим, симфони найрал хөгжимд шинэчлэл авчирсан түүхэн хөгжмийн нэг бөгөөд бидний хувьд тайзны дэглэлтийг өөрчилсөн ч, хөгжмийн хэлбэр хэвээр хадгалагдана.
Хамгийн онцлох зүйл бол орчин үеийн бүжгийн бүтээлд үндэсний найрал хөгжим хосолж байгаа явдал юм. Монгол уран бүтээлчдийн авьяас, хөгжмийн өв соёл, бүжгийн шинэ хандлагыг нэг дор шингээсэн, уран сайхны томоохон сорил, мөн гайхамшигт хамтын ажиллагаа болж байна.
Ийнхүү зөвхөн 2 өдөр толилуулагдах “ТОЙРОГ” орчин үеийн бүжгийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтын тасалбарыг www.ticket.mn/event/2522 -ээс худалдан авна уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.