МУЗ-ийн "Бид танд урлагийг ойртуулна" үдэшлэг

МУЗ-ийн "Бид танд урлагийг ойртуулна" үдэшлэг

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс жил бүр зохион байгуулдаг “Бид танд урлагийг ойртуулна” арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь соёл урлагийг дэмжигч, уран бүтээлчид, бизнесийн төлөөллүүдийг нэгтгэн хамтын ажиллагаагаа бататгах, ололт амжилтаа тэмдэглэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг танилцуулах ач холбогдолтой.

Нийтэлсэн
4 сарын 4, 2025
Хуваалцах

Бид энэ үеэр урлагийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, болон чөлөөт уран бүтээлчидтэй уулзаж санал бодлыг нь хуваалцсанаа хүргэж байна. Урлагтай ойр хүрээлэл, урлагийг түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээгүүлэгч, дэмжигчдийг нэгтгэсэн энэхүү үдэшлэгийн уур амьсгал халуун дотно бөгөөд дурсамж, дурдатгалаар дүүрэн байсныг мөн энд онцлох нь зүйн хэрэг билээ. 

Н.Ганхуяг, МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн

Монголын Урлагийн Зөвлөл анх “Соросын сан”-гийн соёл урлагийн хөтөлбөрөөс үүсэлтэй. Тэр үеийн соёл урлагийг дэмжигчид санаачлан байгуулсан түүхтэй. Манай байгууллага улс төр, нам эвслээс ангид, хараат бус үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Мэдээж ТББ-ын хувьд удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн болон бусад хүндрэлүүд гардаг ч бид дэмжигчид болон өөрсдийн нөөц бололцоог түшиглэн хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэн, улмаар монголын соёл урлагийн салбарт ахиц дэвшил гаргасаар байна. Анх урлагийн боловсон хүчин бэлтгэх хүрээнд уран бүтээлчдийг гадаадад сургах, сургалт семинар зохион байгуулах, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг голчлон хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд биет болон биет бус соёлын өвийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар олон улсын кино наадам (UBIFF), Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам (UBIMAF), “Моушн Монголиа” орчин үеийн бүжгийн наадам (Motion Mongolia) зэрэг залуучуудад үр өгөөжтэй үйл ажиллагааг явуулж байна. Жил бүр бид дэмжигчдээ цуглуулан баярладаг уламжлалтай. Энэ арга хэмжээ хугацаа өнгөрөх тусам улам сайхан болж байна. Монголын урлагийн салбартхөгжих боломж их байгаа тул урлагийн зөвлөлийг дэмжсэнээр урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, өв уламжлал, үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэхэд тусалж чадна. Нийт зочдодоо баярлалаа.  

Ө.Борхүү, МУЗ-ийн хамтрагч, “Инфо Консалтинг” ХХК-ийн захирал 

Манай компани Улаанбаатар олон улсын кино наадмын техникийн талыг хариуцан хамтран ажилладаг. Киноныформатыг зөв оруулах, шалгах, хадмал орчуулга байрлуулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Бид чаддаг, мэддэг ажил гүйцэтгэлээрээ Урлагийн зөвлөлийг дэмжиж ажилладаг. Үүндээ их баяртай байдаг. Цаашид олон сайхан төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно. 

Х.Отгонтуяа, МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Төгөлдөр сан”-ийн тэргүүн

Би урлагт маш их хайртай. Тийм ч учраас авьяастай боловч олон нийтэд хараахан танигдаагүй уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Дуурь, балет, кино урлаг, хамтлаг дуучид гээд урлагийн олон салбарыг үргэлж дэмждэг. Урлагийн зөвлөлийг дэмжих нь миний хувьд үнэ цэнтэй, буянтай үйлс хэмээн боддог. Урлаг үнэхээр гайхамшигтай, олон нийтийг хамарсан, маш гэгээлэг зүйл. Ирээдүйд ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, гэрэл гэгээ авчрах үйлсэд оролцсоор байх болно. 

Д.Сайнбаяр, МУЗ-ийн гишүүн, Sayan Pictures ХХК-ийн захирал

Миний хувьд анх 2010 онд МУЗ-ийн гишүүн болж байсан ба гишүүнчлэлээ сэргээж, Sayan Pictures кино продакшн, дистрибюшн компаниараа дахин оролцож байна. Өнөө орой энд урлагт хайртай, бизнесийн тэргүүлэгч компаниуд цуглаж, найз нөхөдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөж байгаа нь маш сайхан байна. Амьдралыг үзэсгэлэнтэй, утга учиртай болгодог зүйл бол маргаангүй урлаг гэж боддог. Монголын Урлагийн Зөвлөлийн олон жилийн тууштай, далайцтай үйл ажиллагаагаар үнэхээр бахархдаг шүү. Гишүүнчлэлээ хадгалан Монголын урлагийг дэлхийд гаргах, монголчуудад дэлхийн урлагийг ойртуулах их үйлсэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Ж.Анунаран, Чөлөөт уран бүтээлч

Улс орныг урлагаар нь л таньж мэддэг шүү дээ. Гадаад улс руу аялахад хүмүүс музей, галерейгаар нь зочилж тухайн орны соёлыг дүгнэдэг. Тиймээс уран бүтээлчдийг дэмжих нь эргээд тухайн улсын соёл, мөн чанарыг тодорхойлоход онцгой хувь нэмэр болдог.

Ц.Түвшинбаяр, МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Ноён Уул Эрдэнэ” ХХК-World Wine ерөнхий захирал

Манай компани 2010-аад оноос хойш МУЗ-тэй хамтран ажиллаж байна. Тухайн үед Урлагийн зөвлөлийн 10 жилийн ой тохиож асан ба хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын шинэ бүтээлүүдийг дэмжсэн төсөлд бид оролцож байлаа. Энэ төсөл нь СУИС-ийн төгсөгчдийн шалгалтын уран бүтээл байсан юм. Үүнээс хойш тасралтгүй хамтарч ажиллаж байна. Урлаг нь залуучуудад үнэ цэнтэй, хосгүй эрхэм зүйлсийг дамжуулах нэгэн хэрэгсэл болж чаддаг. Монгол орон өв соёл, урлагийн агуу их баялагтай улс учраас залуу үедээ энэ баялгийг танилцуулах, сурталчлах ажилд бид хариу нэхэлгүйгээр үргэлж тусладаг. 

Ч.Ганболд, МУЗ-ийн тэргүүн

Урлаг бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Бид урлагаар хүмүүждэг, омогшдог. Урлагийг дэмжихгүйгээр нийгэм хөгжих боломжгүй. Урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлыг ганц нэгээрээ хийх боломжгүй. Гагцхүү дэмжлэг туслалцаатайгаар хамтдаа бүтээж чадна. Манай байгууллага уран бүтээлчдэд өөрсдөө бүтээлээ туурвих нөхцөлийг бүрдүүлж, урлагийн менежментийн боловсон хүчинг бэлдэх чиглэлээр тасралтгүй ажилласаар 23 жилдээ золгож байна. Энэ өдөр бол урлагийг чин зүрхнээсээ хайрлан дэмждэг хэн бүхний баярын өдөр юм. 

Д.Цэнгэл, МУЗ-ийн гишүүн, кино продюсер

2003 онд СУИС-ийн оюутан байхдаа МУЗ-д сайн дурын ажил хийж эхэлсэн. Тэнгис кино театр, Улаанбаатар олон улсын кино наадам зэрэгт ажиллаж, залуу манлайлагчдын хөтөлбөрт мөн хамрагдаж байв. Ер нь урлагийн зөвлөлтэйгөө холбоотой байсаар өдий хүрсэн юм. Өнгөрсөн жилээс АНД гишүүнээр элссэндээ маш их баяртай байна. Урлагийн зөвлөл бол соёл урлагийн салбарт том үүрэг гүйцэтгэж, үзэгчдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг байгууллага. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.