Goonamguayeoridingstella хамтлаг

Goonamguayeoridingstella хамтлаг

Goonam хамтлаг өөрсдийн үндэсний язгуур хөгжмийг орчин үеийн хэв маягтай хослуулан өвөрмөц содон аялгууг бий болгодог төдийгүй Солонгос ардын дууны амин сүнс шингэсэн байдгаараа онцлог юм. Тэднийг үзүүлбэрээ үзүүлж дуусмагц бид тайзны ард богинохон хугацаанд ярилцсанаа хүргэе.


"Playtime Festival"-ийн хоёр дахь өдрийн гол тайзыг чимсэн уран бүтээлчдийн нэг бол Өмнөд Солонгос Улсаас ирсэн Goonam хамтлаг байлаа. Тэд 2005 онд 2 гишүүнтэйгээр байгуулагдаж, хориод жилийн хугацаанд Солонгос улсын хөгжмийн түүхийг бичилцэн ирсэн ба psychedelic (сэтгэхүйн), инди рок урсгалд уран бүтээлээ туурвидаг. 

Үүсгэн байгуулагдсан: 2005 он Хөгжмийн урсгал: Инди-рок, психоделик рок Хамтлагийн нэрний утга: Goonamguayeoridingstella буюу Стелла(машин) жолоодож буй хөгшин эр, эм гэсэн утгатай. Тэд өөрсдийн хөгжмийг тод шар өнгөтэй зүйрлэдэг ба хөгжилтэй, эрч хүчтэй, сүнслэг хэмээн тодорхойлов.

Дөнгөж тайзнаас буулаа шүү дээ. Яг одоо төрж буй сэтгэгдлээ хуваалцаач, тайз хэр байна?

Гитарчин И Кихак "Байгальд тоглох сайхан байлаа. Өргөн уудам талбайд бүх зүйлс маш хурдан болж өнгөрлөө. Надад яг л байгальтай зэрэгцэн хөгжимдөж байгаа юм шиг мэдрэгдсэн" хэмээсэн бол басс гитарчин, гол хоолой Жу Үн хэлэхдээ "Үзүүлбэрийн хугацаа маш богино санагдлаа,  манай тоглолт 1 цаг орчим л үргэлжилсэн байх, үүнээс илүү удаан тогломоор л байлаа" гэв. 


Хамтлагийн гишүүд бүгд Монголд анх удаа ирсэн бөгөөд Playtime Festival-д оролцохоор болсон цагаас эхлэн манай орны байгаль, өргөн хээр нутагт татагдан, наадмын өдрүүдийг догдлон хүлээж буй талаараа олон нийтийн сүлжээнд хуваалцаж байсан юм.  Бөмбөрчин Им Бёнхак хэлэхдээ "Онгоцноос буумагц төрсөн анхны сэтгэгдэл гэвэл үнэхээр өргөн тал хээр, уудам газар угтсанд баяртай байсан. Зах хязгааргүй мэт харагдсан. Тэнгэр хамгийн түрүүнд анхаарлыг минь татсан" хэмээв. 

Playtime Festival-ийн уур амьсгалын тухайд юу гэж хэлмээр байна вэ?

Хамтлагийн гишүүн И Жихян "Миний хувьд урьд өмнө очиж байгаагүй тийм том, өргөн цар хүрээтэй фестиваль болж байна. Бид уг нь тайзан дээр гарахын өмнө сайн амрах хэрэгтэй байдаг. Учир нь бие махбодын хувьд их ядардаг. Мэдээж оройн цагаар тоглолттой байвал тэр тусмаа амрах шаардлага гарна. Гэхдээ би тэгж амрах сөхөөгүй энэ тэрүүгээр хэсэж, асруудаар явж цагийг зугаатай өнгөрөөсөн. Уйдах зав гарахгүй сайхан байна, дараагийн хоёр өдөр ч мөн энд байх болно." гэлээ.


Мөн тэднээс монгол уран бүтээлч дундаас уулзахыг хүсэж байгаа эсвэл хамтрах сонирхолтой  хамтлаг, дуучин байгаа эсэхийг асуухад The Hu хамтлагийг дурдсан юм. 

Playtime Festival-ийг дуусгаад өөр хөгжмийн наадам, тоглолтуудад оролцохоор төлөвлөсөн үү?

Бид ирэх долоо хоногийн даваа гарагт Улаанбаатар хотын "Fatcat Jazz Club"-д орой 20:00 цагт тоглохоор болсон. Үүнээс гадна хэрэв амжвал энэ жил бид Тайланд явна. Харин дараа жил Тайвань улсыг зорихоор төлөвлөсөн. 20 жилийн ойн хүрээнд өөрсдийн баримтат киног хийх мөн төлөвлөгөөтэй байгаа учраас зураг авалт хийнэ гэж бодож байна. 

Энэ хүрээд бидний богинохон уулзалт өндөрлөсөн буюу тэд үргэлжлүүлэн наадмын нэгэн үдшийг хамтлагаараа тэмдэглэн үлдсэн юм. 

Тэдний дуунуудыг энд дарж сонсоорой. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.